05/08/2025
Анх Солонгос улсад ирэхээсээ өмнө их л гоё орон гэж боддог байлаа. Дунд нь ороод удаан амьдраад ирэхээр олон зүйлийг ухаарч эргэцүүлдэг юм байна. Харахад сайхан хөгжилтэй улс шиг авч хүмүүсийнх нь байдал, амьдрах итгэл үнэмшил нь өрөвдмөөр. Муулсандаа биш шүү. Зүгээр л зарим зүйлс мэргэжлийг нь эзэмшсэн хүний нүдээр харагдаад өөрийн эрхгүй харьцуулаад байдаг юм.
Энд:
Чанга дуутай
Чөтгөр шиг ааштай
Яхир үгтэй
Ямаан омогтой
Үйлдвэрчин ангийн бүхэл бүтэн үе ноёрхоно. Ажиллахаас өөр хөгжил мэддэггүй байх даа гэж бодогдмоор ажлын төлөө төрсөн хүмүүс үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл зүтгэнэ. Хачирхалтай нь тэд орой болохоор байшингийн нүх сүв болгонд байх хоолны газар, караокенууддаа хөгшин залуугүй шавалдаж, зайгүй идэж, завсаргүй ууна. Дуулна бүжиглэнэ. Даамжраад буудал руугаа гэлдэрцгээнэ. Ердийн үзэгдэл. Маргааш нь дахиад л нэг хэвийн ажлын өдөр, нэг хэвийн үйлдвэржсэн хоол. Цаг нартай уралдсаар.
Эр эм, хөгшин залуу ялгаагүй энгийн, адилхан өнгө зүс бүхий урд зүгт үйлдвэрлэсэн хятад, вьетнам хувцас өмсцгөөнө. Брэнд хөөж намираад байгаа ч юм алга. Хамбуг хэмээх үндэсний хувцсаа ёс болгож хурим болон үхэгсдээ үдэх өдрөө өмссөн харагдана. Ёс заншил гээд онцгойлоод байх юм бараг байхгүй, сэтгэхүйн зөрүү ч нэг их анзаарагдахгүй. Нэг тиймэрхүү болхидуу. Уйтгартай...
Мөнхийн чийгтэй байшингууд, ямар ч үнэргүй ургамал, хоорондоо нэг их ялгараад байхааргүй барилга байгууламжууд хот, аймаг, тосгон суурин бүрт хөвөрнө.
Манайхаас илүү нь хурдны зам, хурдны галт тэрэг, агаарын тээвэр, шуудан үйлчилгээ болон үйлдвэржилтээ бодлогын түвшинд бэхжүүлж, ажилгүйчүүдийн эгнээг халж чадсандаа хөгжсөн улс шиг харагдана.
Гэвч иргэдийн дийлэнх нь боловсролын түвшин дунджаас доогуур.
Ажил хийхгүй л бол амьдрал дуусна гэдэг сэтгэхүйтэй хөдөлмөрийн нийгмийн давхарга бүхэл бүтэн үеийг эзэгнэж байгаа учраас зүгээр суудаг хүн нэгээхэн ч үгүй. Ажиллаад л ажиллаад л. Нуруу нь бөгтийж, хуруу нь мойнийж хатингарштал ажилласан цалингаа юунд үрэхээ мэдэхгүй, үрчихвэл үхнэ гээд идэж ч чадахгүй хураачихсан, өмнөх хүнд бэрх цаг үеийнх нь сэтгэлийн шарх эдгээгүй хөгшид ч байна.
Гэтэл эх орондоо ирээд л захын таксинд суугаад амьдралд буцална.
Амьд байгаагаа мэдэрнэ.
Монгол улсад минь дэлхийд байхгүй ЭРХ ЧӨЛӨӨ, амттай хүнс, үзэсгэлэнт байгаль, сайхан хүн ард байдаг.
Дэндүү цайлган, цагаахан хүмүүс энд амьдарна. Гадны хүмүүс хараад гайхдаг. Өөрсдийгөө үргэлж илүү гэж боддог Солонгос, Европын хүмүүс захын малчин мотоциклийн мотороо засаж унаад, сүргээр нь адуугаа туугаад ирэхэд л шоконд ордог. Учир нь дэлхийн тансаг хэрэглээний зүйлс нь Монголд энгийнээс энгийн хэрэглээ. Европт нэг цаг морь унахад ойролцоогоор 100$, Солонгост 120.0-250.0 вон. Харин миний эх оронд үнэгүй!
Үүгээр зогсохгүй хонь, адуу, үхрийн цэвэр махыг өдөр бүр иддэг гэхээр ам нь сунаад эрүү нь мултардаг юм...😃😃
Хаана ч явсан, хэдий хэр орлого олсон ч
төрөлх нутгийн үнэр, эх хэлний өнгө,
тэнгэрийн хаяанд хөвөх үүлс, хүнд үнэтэй биш ч, өөрт эрхэм үнэ цэнэтэй амьдрал хэзээ ч юугаар ч орлуулшгүй байдаг ажээ.
Эргээд харахад...
Би их азтай хүн юм байна.
Монгол хүн болж төрсөндөө..
❤️❤️❤️
Эх орон шиг минь сайханм хаана байхав дээ. Хуулбарлав